Хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг ухаалаг тоолуурын аргаар шийднэ – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл

0


“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн Ахлах инженер П.Амартайвантай ярилцлаа.

Энэ өвөл цахилгаан, эрчим хүчний дутагдалд орох өндөр магадлалтай талаар салбарын сайд мэдэгдсэн. Халуун тогоонд нь ажиллаж байгаа инженерийн хувьд энэ хэр бодитой мэдээлэл гэж үзэж байна вэ?

-Бид бололцоотой хэмжээндээ өвлийн бэлтгэлээ хангалаа. Хэрэглэгчдийг аль болох цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Эх үүсвэр талаасаа хязгаарлалт хийхгүй бол манай компани цахилгааны хязгаарлалт хийхгүй. Мэдээж шугамын утас, кабелиуд гэмтэх, ачааллаа дийлэхгүй нөхцөл үүсдэг. Энэ бүхэнд бэлтгэлтэй байхын тулд шаардлагатай бараа, материалуудаа бэлдсэн бөгөөдгэмтэл, саатлыг хурдан хугацаанд засварлаж, хэвийн ажиллагааг ханган ажиллах болно.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь хэрэглэгчийг хязгаарлахгүй, 24 цаг эрчим хүчээр хангахыг эрмэлзэж, сүлжээний найдвартай байдалд анхаардаг. Өвлийн их ачааллын үеэр хэрэглэгчийн хэрэглээ нэмэгдсэнээс шугам тоноглол тасрах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд тухайн хэсэгт богино хугацаанд цахилгаан эрчим хүчийг тасалж, гарсан гэмтэл саатлыг засварлаж хэвийн ажиллагааг хангана.
Харин системийн хэмжээнд чадлын дутагдалд орох өндөр магадлалтай.

-Салбарын яамнаас цахилгаан дулааны үнийг дор хаяж 23 хувиар нэмэгдүүлэх тооцоо танилцуулсан. Энэ хэр бодитой хувь хэмжээ вэ?

-Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй, энэ байдал удаан үргэлжлэх юм бол  бид засвар үйлчилгээгээ ч хийж чадахгүй, цаашлаад Улаанбаатар хотоос гадна системийн хэмжээнд доголдол үүсэх аюул нүүрлэнэ. Олон улсын эдийн засаг, худалдааны нөхцөл байдлаас үүдэн бүх бараа материалын үнэ нэмэгдэж, инфляц өссөн. Манайх ихэнх шугам тоноглол, сэлбэгээ импортоор авдаг. Валютын ханш өсөх тусам шугам, тоноглол, цахилгааны утасны үнэ нэмэгдсээр байна.

Манай компани шинэ техник технологи нэвтрүүлэхийг хичээдэг бөгөөд сүүлийн үед үл засварлах тоноглолууд ашиглахыг эрмэлзэж байна. Төсөв мөнгө хүрэхгүй байгаагаас санасан хэмжээндээ засвар үйлчилгээг хангалттай хийж чадахгүй байна.

-Нийслэлийн аль хэсэгт шугам тоноглолын шинэчлэл хийх нэн шаардлагатай байгаа вэ?

-Хамгийн эхний ээлжинд Багц-1, 2 төслийн арга хэмжээтэй холбоотой Багц-3 төслийн ажлыг боловсруулаад Эрчим хүчний яам болон Хотын захиргаанд хүргүүлсэн. Зуслангийн чиглэлийн шугам тоноглолыг бүрэн шинэчлэх ажлыг хийхэд ойролцоогоор 90 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хэсгийн шугам тоноглолыг 1970 оноос хойш шинэчлэн засварлаагүй, зөвхөн өөрсдийн эзэмшлийн 10 кВт-ын шугамаа  шинэчилсэн. Хэрэглэгчийн хувийн эзэмшлийн  шугам тоноглол хуучирсан, галын аюул гарах эрсдэл бий. 

Ер нь зуслангийн чиглэлээс бусад хуучирсан шугам тоноглолыг шинэчлэхэд 40-50 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл жилд батлагдаж байгаа манай төсөв 16 тэрбум төгрөг, үүнээс таван тэрбум төгрөг нь түгээх чиглэлийн их засварын ажилд зарцуулагддаг байх жишээтэй.

Цахилгаан, дулааны хэрэглээний сахилга бат, хэмнэлтийг хангахын тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд юунд анхаарах шаардлагатай вэ?

эрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл цахилгааны хэт их ачаалал, тасалдал үүсэхээс сэргийлж болдог. Гэрээгээр хүлээх үүрэг гэдэг нь хэрэглэгч өөрийн захиалсан хэмжээндээ цахилгаан эрчим хүч хэрэглэх ёстой. Хэрэглэгчийн илүү хэрэглээнээс шалтгаалж, 2020-2021 онд нөхцөл байдал хүндэрсэн. 220кВт-ын хэрэглэгч дээд тал нь 4 кВт хэрэглэх байтал 10-25 кВт-ын цахилгаан хэрэглэж эхэлсэн. Ингэснээр бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулах нөхцөл үүсдэг. Хэрэглэгч халаагуураа залгасан бол цахилгаан зуухаа ажиллуулахгүй байх зэргээр цахилгаан эрчим хүчээ аль болох хэмнэж, зүй зохистой хэрэглэхийг уриалж байна. Нэг ч гэсэн айл цахилгаан эрчим хүчиндээ бага хэмжээний хэмнэлт гаргахад нийслэлийн хэмжээнд хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр гэмтэл, сааталгүй хэвийн хангах боломж бүрдэнэ.  

Цаашид хэрэглэгчийн зохистой хэрэглээг ухаалаг тоолуурын аргаар шийдэхийг зорьж байна. Нийслэлийн зарим хэсэгт үүнийг нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглээний хэмжээг тогтоож өгсөн. Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй Багц-1, 2 төсөл дээр хэрэглэгчийг 4кВт-ын хэрэглээтэй гэж тооцон шугам тоноглолоо хийсэн. Хэрэглэгч энэ хэмжээндээ  цахилгаан эрчим хүчээ хэрэглээд явбал ямар нэг асуудал үүсэхгүй.

Галын аюулгүй байдал ч хэрэглээнээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд цахилгаанаас үүдэлтэй гал гарах тохиолдол их байна. Энэ нь хэрэглэгчийн хэт их хэрэглээнээс болж тухайн цахилгааны шугам сүлжээ ачааллаа дийлэхгүй болсонтой холбоотой юм. 

-Нийслэлийн аль хэсгийн хэрэглэгчид хамгийн их цахилгааны хэрэглээтэй байдаг вэ?

-ХУД-ийн Нүхтийн амны айлууд бүгд цахилгаан халаагуур ашигладаг. Богд уулын бүсэд байрладаг, гал түлэх боломжгүй учраас энд цахилгааны хэрэглээ өндөр. Мөн Толгойт, Орбит чиглэлийн айл өрхийн тоо асар хурдацтай өсөж, цахилгааны хэрэглээ нэмэгдсэн. Нийслэлийн зуслангийн чиглэл, Баянзүрх дүүргийн Шархад орчмын гэр хорооллын хэсэгт цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. 

Зуслангийн чиглэлийн шугам тоноглол 40-50 жилийн насжилттай, анх нэг өрх айлын хэрэглээг 4 кВт гэж тооцож хийгдсэн. Эдгээр хэсгүүдийн шугам, тоноглолд 2002 оноос (Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл) хойш шинэчлэл хийгдээгүй. Одоо айл өрхүүдийн хэрэглээ ойролцоогоор 8 кВт хүрсэн. Хэт хэрэглээний улмаас шугам тоноглол ч мууддаг. Бид зуслангийн чиглэлийн шугам тоноглолд тооцоо судалгаа хийгээд Эрчим хүчний яам, Хотын захиргаанд танилцуулсан.

Хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй хэдий ч эх үүсвэр талаас нь бид бололцоотой бүх шийдлийг хийгээд өргөтгөөд явж байна.

-Нийслэлийн хэмжээнд цахилгаан, эрчим хүчээр хангагдаагүй хэчнээн хэрэглэгч байгаа вэ?

-Жилээс жилд нийслэлчүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр байна. Манайх Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумдын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг ханган ажилладаг. Үүнээс 2021 оны байдлаар нийт 12 мянган айл өрх цахилгаан эрчим хүчгүй гэсэн бүртгэлтэй, үүнээс 9000 орчим айл өрхийг Эрчим хүчний яамны хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчээр хангах ажлын зураг төсөл батлагдаад тендер зарлагдсан. Үлдсэн 3000 орчим айл өрхийг гэрэл цахилгаанаар хангах зураг төслийн ажлыг бэлэн болгосон. Төсөв, хөрөнгөний асуудал шийдэгдвэл тендер зарлаад хийхэд бэлэн байна.

 

 

 

 

 

 



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x