Цахим боловсролыг дээшлүүлэхэд Мета компанитай хамтарч байна

0


Монгол Улсад Meta компанийн хэрэгжүүлж буй “We Thinking Digital” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг олгох хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. 

Уг төслийн зорилго нь интернэт хэрэглэгчдийг цахим орчинд аюулгүй байдлаа бүрэн хангах, эерэг хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх юм. Мөн цахим орчинд хувийн нууцлалаа хамгаалах, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн таних вэ зэрэг агуулгаар найман загвар хичээлийг монгол хэлнээ орчуулж, үнэ төлбөргүйгээр түгээжээ. 

Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнасан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Эл арга хэмжээнд Мета  компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал захирал Жорж Чен, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечески, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон Мета компанийн хөндлөнгийн баримт  шалгах эрх бүхий “Mongolian Fact Checking Center” (MFCC)-ийн төлөөлөгчид оролцлоо.

“Бид өнгөрсөн онд Монгол  Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хүчин чармайлтаар 16 мянга гаруй иргэн, 1000 гаруй багшийг цахим боловсролын чиглэлээр сургасан. Уг цахим боловсролын хөтөлбөрөө өргөжүүлэхийн тулд олон хүнд цахим орчныг эерэг болгох, цахим орчинд аюулгүй байдлаа хангахын тулд юу хийхийг заах, туслах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мөн бид Монголын цахим аюулгүй байдлыг бүх талаас нь хангах үүднээс ажилласаар байна” хэмээн Ж.Чен нээлтийн үеэр онцолсон. 

Харин Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаатар цаашид боловсролын ялгаатай байдлыг арилгахын тулд дижитал боловсролыг орон нутагт хөгжүүлэх, цахим орчны аюулгүй байдал, бусдыг дээрэлхэх асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг Meta компанас хүслээ.  АНУ-ын Элчин сайд  Майкл С.Клечески “Цахим боловсрол олгох, түгээхэд хамгийн чухал үүрэгтэй нь энд цугласан багш, нийгмийн ажилтан, иргэд та бүхэн шүү” гэж онцолсон юм. 

Мөн энэ арга хэмжээнд есөн дүүргийн 85 сургуулийн 170 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч оролцож, цахим орчинд хүүхдийн аюулгүй байдал, цахим орчны аюулгүй байдлын талаар мэдээлэл сонсож, байр сууриа илэрхийлсэн. 

Эхний хэлэлцүүлгээр дижитал орчинд хүүхдийг хамгаалах, интернэтийг зохистой ашиглах талаарх мэдлэгийг дээшлүүлэх тухай хөндлөө. Хэлэлцүүлгийн панелистаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, ЦХХХЯ-ны Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа, Ж.Чен оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Цахим орчин бол аюултай, болгоомжтой бай гэж хүүхдийг айлгахаас илүү яаж өөрийгөө хамгаалах талаар заах хэрэгтэй байгааг панелистууд онцолж байв. 

“Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” хэлэлцүүлгийг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Э.Нарантунгалаг чиглүүлж ХХЗХ-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд, МFCC-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо, “Оюу толгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцаа хариуцсан ерөнхий менежер Э.Лхагва, “ONDO” ХХК-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Б.Мандуул оролцож худал, ташаа мэдээллийн шинж чанар болон түүнийг таних арга, технологийн аргаар хэрхэн бууруулах тухай сонирхолтой мэдээллээс хуваалцсан. Тухайлбал, MFCC-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо “Хуурамч ташаа мэдээллийг баримтаар шалгаж дүгнэлт гаргасан бидний тайланг өмнө нь хамгийн ихдээ 100 хүн үздэг байсан бол одоо Meta компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш болсноор тухайн мэдээллийг постолсон тохиолдол бүрийг, мөн ойролцоо утгатай мэдээллийг автоматаар шошгожуулдаг болсон” гэж онцолсон.

Мөн худал, ташаа мэдээллийг хуваалцсан хүн бүрд мэдэгдэл очиж, мөн шалгасны дараа ч хуваалцах гэсэн тохиолдол бүрд сануулга хүргэдэг болсон байна. Цахим орчинд түгэж байгаа хуурамч, ташаа мэдээллийг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол MFCC-ийн энэ үйл ажиллагаа гэдгийг ХХЗХ-ны хэлтсийн дарга Т.Батболд онцлоод хорооны зүгээс хууль бус мэдээллийг устгах чиглэлээр Meta компанитай хамтран ажилладаг нь цахим орчин дахь аюулгүй байдал, хуурамч, худал мэдээллийг бууруулахад авч хэрэгжүүлж буй үр дүнтэй аргын нэг гэдгийг онцолсон юм. 

 

Мета  компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал захирал Ж.Чен 

-БШУЯ болон НҮБ-тай хамтран Монгол Улсын 21 аймгийн  560 гаруй сургуульд олон улсын цахим боловсролын түвшнийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Меtа компани нь монголчуудыг онлайн орчинд илүү их мэдлэгтэй, хамгаалагдсан, хариуцлагатай байлгахын төлөө ажилладаг. Үүний зэрэгцээ та бүгдийн хамтын хүчин чармайлтаар Монголын цахим иргэнийг хөгжүүлэхийн төлөө хичээх болно. Цаашид НҮБ-ын Хүүхэд хамгаалах сантай хамтран ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутгийн иргэд рүү чиглэсэн  хөтөлбөрийг өргөжүүлэхэд бэлэн байна. 

Эцэст нь хэлэхэд, Монголын Мобиком, Хаан банк зэрэг хувийн хэвшилтэй хамтран цахим аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх сувгуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр

-Монгол Улсын Засгийн газар үргэлж Меtа компанитай хамтран ажиллахыг эрмэлзэх болно. Бид УИХ-ын чуулганаар боловсролын багц хуулийг батлуулахаар ажиллаж байгаа. Энэ багц хуулиар Монгол залуучууд цахим орчинд боловсрол эзэмших эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, цахим сургуулийг байгуулахаар төлөвлөж буй. Энэ эрхзүйн орчин бүрдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй, сургуульд хамрагдаж чадахгүй хүүхдүүдийг дижитал технологи ашиглан боловсрол эзэмших боломжоор хангахын төлөө бид бүхэн ажиллаж байгаа. Хот хөдөөгийн, хувийн болон улсын сургуулийн боловсролын ялгааг технологи ашиглаж, цахим сургуулиараа дамжуулан арилгах болно. 

Меtа компани энэ үйл явцад дэмжлэг үзүүлэн бидэнд хамгийн их шаардлагатай байгаа зүйлсийг тодорхойлж, энэ удаа 21 аймгийн залууст цахим боловсрол, цахим дэд бүтцийн тал дээр анхаарч ажиллахаар илэрхийлээд буй. Энэ хөтөлбөр маш үр дүнтэй явагдана гэдэгт эргэлзэхгүй байна. 

Mongolian Fact Checking Center (MFCC)-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо

-MFCC маань 2020 онд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв ТББ-ын хажууд байгуулагдаж, хоёр жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Төв Азиас анх удаа Меtа компанийн хөндлөнгийн баримт шалгах эрх бүхий олон улсын гишүүнчлэлтэй түнш болж, хамтран ажиллах болсон. 

Сэтгүүл зүй өндөр ёс зүйтэй байх ёстой. Сэтгүүлчдийн мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгаж байгаа байгууллага илүү ёс зүйтэй байж улс төрөөс ангид, хараат бус, хэн нэгэнд үйлчилдэггүй байх зэрэг үзүүлэлтийг хангах ёстой. Эдгээр үзүүлэлтээр Меtа компани жил бүр шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах эрхийг сунгаж баталгаалжуулдаг. 

Бид цахим орчинд байгаа мэдээлэлд анализ хийж, уншигчдын эрүүл мэнд, эдийн засагт ямар нэгэн байдлаар хор хохирол учруулж болохуйц, зохион байгуулалттай мэтээр хурдан хугацаанд өргөн хүрээнд тархаж байгаа мэдээллүүдийг шалгадаг. Хэрвээ тухайн мэдээлэл баримт, эх сурвалжийн хувьд бүрэн бус, худал байвал анхааруулах зорилгоор уншигчдад мэдээлдэг. Эрүүл мэндтэй холбоотой худал хуурмаг мэдээлэл цахим орчинд байнга тавигддаг.  Мөн цаг үеийн шинжтэй улс төр, эдийн засагтай холбоотой  мэдээлэл их байдаг. Цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид энэ талын мэдлэг  мэдээллээ сайжруулах хэрэгтэй гэдгийг анзаарч байна. Мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ авдаг болбол худал мэдээний хор хөнөөл буурах болно.

 

 

 

 

 



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x