ЭЗБХ:Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны тайлантай танилцлаа

0


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.05.03) 11 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. 

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

    Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хийсэн. 


    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод Байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв. 

    Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн зүгээс тус Байнгын хороогоор дэмжигдсэн Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзэж Байнгын хороонд буцаасан. Ажлын хэсэг Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг танилцуулгадаа дурдлаа.


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Ганибал, С.Чинзориг нарын асуултад, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өгсөн хариултдаа хуулийн төслийн хүрээнд Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаас гадна  далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг боломжуудыг ашиглах эрх ашгийг нээж өгсөн гэдгийг онцолж байлаа.

    Ингээд  Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төслийн талаар дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй нэмэлт саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.” гэсэн 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлд “хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах” гэсэн 6.3.15 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулахаар тогтов.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав

    Хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг мэдээллээ үргэлжиллээ. Энэ талаарх танилцуулгыг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хийсэн.  


    Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний статистикийн Хороо нь 2021-2025 стратегийн зорилгоо 4 зорилт, 23 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгааг дурдаад энэ хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд өгөгдлийн засаглал, шинжилгээг эрхлэн хөгжүүлэх нэгжийг шинээр бий болгосныг дурдав.  

    Өнөөдөр Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээлэл боловсруулах 78 аргачлал, 541 маягт, 11 ангиллыг нэвтрүүлээд байна. Үүнээс 2021 онд 2 ангилал, 6 аргачлал, 16 багц асуулга, маягтыг шинээр боловсруулж баталж, мөрдөж байна. Хуульд заасны дагуу 2021 онд 2 тооллого, 27 түүвэр судалгааг зохион байгууллаа. Тухайлбал, Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого болон төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа, олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа, өрхөд суурилсан мэдээлэл, харилцаа холбооны технологийн судалгаа, бичил уурхай эрхлэгчдийн судалгааг  шинээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс гадна хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны албан ёсны статистикийн 53 төрлийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос 7 хоног, 14 хоног, сар, улирал, жилийн давтамжтай нэгтгэн боловсруулж, нийтэд түгээн ажиллаж байгааг Б.Батдаваа дарга тайландаа дурдсан. 

    Мөн тэрбээр, Албан ёсны статистикийн шинэчлэлийн хүрээнд программ хангамж, өгөгдлийн шинжилгээг хослуулан албан ёсны статистикийн ерөнхий стандарт загварт нийцсэн өгөгдөл, мэдээллийн урсгалыг бүрэн автоматжуулах  “Статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем-SPS”-ийг нэвтрүүлж, 2021 онд албан ёсны 10 мэдээ, 23 маягтыг системд нэвтрүүллээ. Тооллого, судалгааны мэдээллийг утсаар цуглуулах дуудлагын төвийг 100 операторын хүчин чадалтай болгож өргөтгөж, 2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын мэдээллийг цахимаар, бусад судалгаануудын мэдээллийг таблет болон утсаар цуглуулж ажилласан. Төрийн байгууллагуудад байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх “Төрийн их өгөгдөл” нэгдсэн санг бий болгох төслийг боловсруулан УИХ, Засгийн газрын дэмжлэгийг авч ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллагуудтай өгөгдлийн санг холбох, өгөгдөл солилцох төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг тайландаа онцлов. 


    Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд 31 орны 300 төлөөлөгчийг оролцуулан Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дүгээр чуулганыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгууллаа. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн Бүс дундын шинжээчдийн бүлэг (IAEG-SDG)-ийн 2021-2023 онд Зүүн Азийг төлөөлөх гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Бид 2022 онд төрийн байгууллагуудын нэгдсэн санг бий болгох, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах ажилд  онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. 

    Тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын яамдууд болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллийн зөрүүг нэгтгэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа УИХ-аас баталсан реформын шинжтэй гол хууль, томоохон хөтөлбөрийн хэрэгжилтэд холбогдох статистик судалгаа хийж, мэдээллээр хангаж ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал статистикийн анхан шатны тоон мэдээллийг нягтлан шалгахад анхаарах, цаашлаад тоон мэдээлэл судалгаа гаргагч анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цалин багатай хүмүүст санхүүгийн урамшуулал, дэмжлэг үзүүлдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Статистикийн тухай хууль нь эрх зүйн орчинтойгоо нийцэж байгаа эсэх, Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ, тооцож буй аргачлал хэр бодитой байгаа талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг  Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиудын хэрэгжилт, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа хийж, статистик мэдээлэл гаргахад анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн их өгөгдөл” төслийж ажлыг эрчимжүүлж, сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

“Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

    Хуралдааны төгсгөлд, Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


    Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ. Тэрбээр, Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд  хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт орсныг тодотгоод Монголбанкнаас дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дурдав. 

    Мөн тэрбээр тайлбартаа,  дотоод болон гадаад  улс орнуудад үүсээд буй нөхцөл байдал, олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө  5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учрах болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлснийг онцлоод энэ хүрээнд Монголбанкны зүгээс системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн. 


    Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий том банк гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тайлбартаа тодотгохын зэрэгцээ эдгээр банкууд нь нэг дор нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнэд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх саналыг тавьсан гэв. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Жавхлан нар асуулт асууж хариулт авсны дараа уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. 

  Тухайлбал, тогтоолын төсөлд 2021 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр зохицуулсан ч олон улс дахь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, банкны хувьцааг худалдан авах гадаад болон дотоод эрэлт, зах зээлийн багтаамж, банкны салбарын тогтвортой байдал зэргийг харгалзан үзэж системд нөлөө бүхий банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. 

    Ингээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x