Яагаад НӨАТ төлөх ёстой вэ? – “ДЭЭДСИЙН АМЬДРАЛ” цахим чөлөөт хэвлэл

0


“Mongolian Economy” сэтгүүл “МЭ-Товч тайлбар” цувралынхаа энэ удаагийн дугаарт нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) тухай мэдээллийг бэлтгэлээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг баталснаас хойш хамгийн олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай 26 бие даасан хууль гарч байв. 

НӨАТ гэж юу вэ? 

НӨАТ бол хувь хүнд шууд бусаар буюу худалдан авсан бараа, үйлчилгээнд ноогдуулсан татвар юм. НӨАТ нь бизнес хоорондын болоод эцсийн худалдан авагчийн харилцаан дээр үндэслэдэг учир бизнесийн харилцаанд орж буй нэгжүүд бие биеэ хянах механизм болдгоороо онцлогтой. 

НӨАТ-ыг анх Францын татварын алба татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд бий болгосон гэж үздэг. Швед, Дани зэрэг оронд үйлдвэрлэгчийг татварын дарамтаас чөлөөлөх зорилготой НӨАТ ноогдуулдаг бол аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар дээр суурилсан тогтолцоотой байсан АНУ экспортын бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой байлгах , өрсөлдөх чадвар нь буурах эрсдэлээс сэргийлэх зорилгоор ноогдуулж эхэлсэн байдаг. 

Манай улсын хувьд төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, эдийн засагт үзүүлэх улс төрийн нөлөөлөл их, иргэдийн татвар төлөх эрмэлзэл бага зэрэг нь далд эдийн засгийг өсгөх шалтгаан болж байна гэж үзэн далд эдийн засгийг илчлэх хөшүүрэг болгох зорилгоор НӨАТ-ыг ноогдуулж эхэлсэн. 1998 оноос НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш татварын орлогын 27-30 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлж байна.

Яагаад НӨАТ төлөх ёстой вэ? 

НӨАТ-ыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг, сүүдрийн эдийн засгийг арилгах болон багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм гэж үздэг.

НӨАТ бол Хувь хүний орлогын албан татвартай адилхан таны худалдан авсан бараа, үйлчилгээний үнэд оруулж тооцсон албан татвар юм. Бусад албан татвараас ялгаатай нь улирал бүр төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авах боломжтой. Үүнд, хоёр хувийн шууд буцаан олголт, сугалааны хонжвор хэлбэрээр олгох буцаалт багтана. 

НӨАТ-ын буцаан олголтыг олгохгүй байх нөхцөл

НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй эсвэл бүртгүүлсэн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн тав дугаар зүйлийн нэг, 15 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй байдаг. 

Дэлхийн улсуудын НӨАТ-ын хэмжээ 

Австрали улсын НӨАТ манай улстай адилхан 10 хувь байдаг. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн, энэ улс НӨАТ-ыг бараа ажил үйлчилгээний татвар (goods and service tax) гэсэн нэртэйгээр 2000 онд нэвтрүүлсэн нь төсвийн орлогын дөрвөн гол эх үүсвэрийн нэг болжээ. 

Индонез улс мөн 10 хувийн НӨАТ авдаг. Тус улсад үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 180-360 сая индонез рупи буюу 26-52 сая төгрөгтэй тэнцэх хэмжээтэй борлуулалт хийдэг этгээд НӨАТ төлөгчөөр бүртгүүлдэг. Нийтийн мэдээллийн хэрэгсэл, зочид буудал болон ресторан бусад хоолны газрын хоол  хүнс, тус улсад олборлосон уул уурхайн бүтээгдэхүүн, өрөмдлөгийн ажил НӨАТ-аас чөлөөлөгддөг байна. 

Европын орнуудад иргэдийнхээ өндөр тансаг хэрэглээг хянах зорилгоор НӨАТ-ыг ашигладаг учир 18-25 хувиар тогтоосон байдаг. Бусад улс орны тухайд Беларусь 20 хувь, Япон найман хувь, Турк найман хувь, ОХУ 18 хувь, Словак 22 хувь, Унгар 27 хувь, Канад таван хувь, Сингапур долоон хувь, Тайван таван хувийн НӨАТ-ыг тогтоож татварын орлого бүрдүүлэх нэг хэлбэр болгон ашиглаж байна.

Эх сурвалж:  https://mta.mn/, www.wikipedia.org

 



Source link

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x